Алдаа оноо дэнсэлсэн хорвоод, амь хайрлажээ аав ээж минь
Амьдралын түмэн нугачааны арганд нь оруулах гэж төрүүлжээ
Алганы хээ шиг тавиланг аньсаганд минь дайжээ, тэд минь
Атгахан бойтогтой намайг алдахгүй ээ гэж газарт гишгүүлжээ
Бүүвэй дууны аянд уясаж амьдар гэлээ, энэ хорвоо
Буруу зөвийн дунд гишгэж амьдар гэлээ, энэ хорвоо
Томоогүй гэнэн хүүхэд насааараан гайхуулжээ энэ бие минь
Тоодгорхон формтой сурагч ахуйгаараан гоёх гэж торнижээ
Төгсөхөд энгэрийг минь чимсэн хонхны жингэнээнд хөөрцөглөжээ, сэтгэл минь
Тогтож ядах сэтгэлээн барьж ядахдаа амьдралд сөхрөхгүй ээ гэж андгайлжээ
Аавын олон хүүхдүүдтэй танилцаж амьдар гэлээ, энэ хорвоо
Алдаж онодог хорвоог аргадаж амьдар гэлээ, энэ хорвоо
Энхрийлэн дууддаг нэр минь эцгийн гэрээс алсаран хоцорчээ
Эвийлж хайрлуулдаг эрвээхэй нас минь домог болох гэж үлджээ, тэр үед
Эргэж ирэхгүй гэж бодогдох тэр л мөчүүдээ харамласан байжээ, хэн нэгнээс
Эрх охин минь баяртай, ирээдүйгээ нэг хар даа гэж шивнэх шиг санагджээ
Зовлон жаргалын дунд зоргоороо амьдар гэлээ, энэ хорвоо
Зүү утас шиг амьдралыг нэхээд зүгээр л амьдар гэлээ, энэ хорвоо
Утга учиргүйн дунд урд минь зам, ард минь мөр байна
Уярал цөхрөл, баяр жаргал, гуниг зовлон ээлжилнэ
Ус шиг урсаад уур шиг дэгдэх амьдралд
Урдах замаа гэрэлтүүлээд хойшоо эргэж үл харна
Жаргалын жаргалын дунд жамаараан амьдар гэлээ, энэ хорвоо
Үйл үйлийн дунд үнэнээр амьдар гэлээ, энэ хорвоо
Бодлоон тээж ухаанаан үүрээд бодит ертөнцөд алхан орно
Болох болохгүйн дунд хүслээн шивнээд зоригтон мэт урагшилна
Байгаль эхийн хуулийг бурханаас ч нуух гэж зүтгэнэ
Буруу бүхний дэнсэн дээр бусдыг хайрлаад бас гэгэлзэнэ
Дууны дууны аянд уясаж амьдар гэлээ, энэ хорвоо
Дурлал хайрын дунд дулаацаж амьдар гэлээ, энэ хорвоо
Үг үгийн утганд итгэж амьдар гэлээ, энэ хорвоо
Үнэн худлын хооронд үлгэр шиг амьдар гэлээ, энэ хорвоо

3 comments:
Ene shulgeer chini duu hiivel
:-),.
Утга учиргүйн дунд урд минь зам, ард минь мөр байна 👍
Post a Comment