Friday, March 25, 2011

Би хүн бүрийг таньдаггүй
Харин хүмүүс намайг таньдаг
Заримд нь би таалагдах албагүй
Би өөртөө л таалагддаг
Шүүмжлэхийг би сонсож чадна
Харин доромжлолыг би сонсож чадахгүй
Чи намайг мэддэг байж магадгүй
Үнэндээ чи юу ч мэдэхгүй
Гунигаа нууж би инээдэггүй
Гутраxдаа согтож шаналдаггүй
Уйлахдаа ухаарч би харамсдаг
Ухаандаа найдаж би тэнэгтдэггүй
Уурладаг гэвч уучлал гуйхгүй
Уйлдаг гэвч нулимсаа үзүүлэхгүй
Ялдаг гэвч хамраа сөхдөггүй
Ялагддаг гэвч бууж өгөхгүй
Тоглоом даадаггүй гомдомхой ч юм шиг
Томоос айдаггүй жижиг ч юм шиг
Юу ч мэдэхгүй гэнэн ч юм шиг
Яагаад ч юм бэ сэхүүн ч юм шиг ...

Thursday, March 24, 2011

Юм бүхэн үлгэр шиг





















Хацар алгадах хүйтэн жавар
Хаа эртийн өнгөрсөн бодол
Нүүрнээс нүүрт шингэх
Нүцгэн инээмсэглэл
Инээд алдах гэнэн охид
Энгэрээ задгайлсан халамцуу эрс
Юм бүхэн үлгэр шиг
Харсан бүхэн харуусал шиг
Өнгө нь хувирсан өөрийн минь цамц
Өрөөлд алдсан миний сэтгэл
Юуг ч юм бэ мэдмээргүй
Хэнийг ч юм бэ хармааргүй

Зүүд шиг амьдрал













 
Алдаа оноо дэнсэлсэн хорвоод, амь хайрлажээ аав ээж минь
Амьдралын түмэн нугачааны арганд нь оруулах гэж төрүүлжээ
Алганы хээ шиг тавиланг аньсаганд минь дайжээ, тэд минь
Атгахан бойтогтой намайг алдахгүй ээ гэж газарт гишгүүлжээ

Бүүвэй дууны аянд уясаж амьдар гэлээ, энэ хорвоо
Буруу зөвийн дунд гишгэж амьдар гэлээ, энэ хорвоо

Томоогүй гэнэн хүүхэд насааараан гайхуулжээ энэ бие минь
Тоодгорхон формтой сурагч ахуйгаараан гоёх гэж торнижээ
Төгсөхөд энгэрийг минь чимсэн хонхны жингэнээнд хөөрцөглөжээ, сэтгэл минь
Тогтож ядах сэтгэлээн барьж ядахдаа амьдралд сөхрөхгүй ээ гэж андгайлжээ

Аавын олон хүүхдүүдтэй танилцаж амьдар гэлээ, энэ хорвоо
Алдаж онодог хорвоог аргадаж амьдар гэлээ, энэ хорвоо

Энхрийлэн дууддаг нэр минь эцгийн гэрээс алсаран хоцорчээ
Эвийлж хайрлуулдаг эрвээхэй нас минь домог болох гэж үлджээ, тэр үед
Эргэж ирэхгүй гэж бодогдох тэр л мөчүүдээ харамласан байжээ, хэн нэгнээс
Эрх охин минь баяртай, ирээдүйгээ нэг хар даа гэж шивнэх шиг санагджээ

Зовлон жаргалын дунд зоргоороо амьдар гэлээ, энэ хорвоо
Зүү утас шиг амьдралыг нэхээд зүгээр л амьдар гэлээ, энэ хорвоо

Утга учиргүйн дунд урд минь зам, ард минь мөр байна
Уярал цөхрөл, баяр жаргал, гуниг зовлон ээлжилнэ
Ус шиг урсаад уур шиг дэгдэх амьдралд
Урдах замаа гэрэлтүүлээд хойшоо эргэж үл харна

Жаргалын жаргалын дунд жамаараан амьдар гэлээ, энэ хорвоо
Үйл үйлийн дунд үнэнээр амьдар гэлээ, энэ хорвоо

Бодлоон тээж ухаанаан үүрээд бодит ертөнцөд алхан орно
Болох болохгүйн дунд хүслээн шивнээд зоригтон мэт урагшилна
Байгаль эхийн хуулийг бурханаас ч нуух гэж зүтгэнэ
Буруу бүхний дэнсэн дээр бусдыг хайрлаад бас гэгэлзэнэ

Дууны дууны аянд уясаж амьдар гэлээ, энэ хорвоо
Дурлал хайрын дунд дулаацаж амьдар гэлээ, энэ хорвоо

Үг үгийн утганд итгэж амьдар гэлээ, энэ хорвоо
Үнэн худлын хооронд үлгэр шиг амьдар гэлээ, энэ хорвоо   

Би хаана байна


Алаг хорвоогийн хаана нь би явна вэ
Аяа, амьдрал минь, намайг харж байна уу
Тээр тэнд харагдах тэнгэрийн хаяанд уу
Тэрний наана цэнхэртэх тэнгисийн хөвөөнд үү
Би хаахна нь явна вэ

Амьдрал гээч бурхны хаагуур нь би сууна вэ
Аз жаргалаан мөрөөдөн өвөрт нь би эрхлэнэ үү
Тэмцэж зүтгэж би тэргүүн дээр нь заларна уу
Төрөх нь үнэн, үхэх нь үнэн гээд тэртээ холоос саравчилна уу
Би хаахна нь сууна вэ,

Сүүгээ өргөдөг ижийнхээн би хаана нь багтана вэ
Сүслэн залбирдаг их маанийн тоонд нь уу
Үсэн буурал ээжийнхээ санчигны хяруунд нь уу
Үртэй хүний жаргал цайны дээжинд үү
Би хаана нь багтана вэ

Заяа төөргийнхөө хаана нь би тэнүүчлэнэ вэ
Зам замаа дагасан хүмүүний их амьдралд уу
Зүүдэнд минь зурагдсан зүрхний бичээсэнд үү
Зөн билгээн дагасан зөв буруугийн дэнсэнд үү
Би хаана нь тэнүүчлэнэ вэ

Шүлэг ба Би



















  
Угтах ирээдүй жаргалтай сайхан гэрэлтэхэд
Урт амьдралд уулзсан бүхэн найз шиг санагдахад
Урам тэтгэсэн хэдхэн үгс бурам шиг амтагдахад 
Уучилж чадах ухааныг захисан ижий ааваараа бахархахад
Ухаарал төрдөг өө, надад

Ганцаараа дуусах юм шиг гайхал хорвоо инээд цалгиахад 
Ганганаж ниссэн шувуу бараа нь тасран алсрахад
Гал шиг сэтгэлийн минь гүнд найргийн гал дүрэлзэхэд
Ганган залуугийн араас даруухан харцаа чулуудахад
Гайхшрал төрдөг өө, надад

Санахын эгшинд гуниг хагдраасан чамайг санахад
Сайхан дурсамж, сэтгэлийнхээ уянгыг даллахад
Сартай шөнийн бүгээн аялгуу чихэнд сонсогдоход
Сархад агссан найрын хундага хөлчүүрхэхэд
Сайрхал төрдөг өө, надад

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад
Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход
Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад
Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад
Бодрол төрдөг өө, надад

Хур бороо сэтгэл даган урсахад
Хажууд минь сөхрөх уулс нүдэнд үзэгдэхэд
Харцанд минь тунарах эх дэлхийгээ харахад
Хайртай бүхнээ харамлаж нэгэнтээ мөрөөсөхөд
Халил төрдөг өө, надад

Намар намрын навчис гуниг дуслуулж унахад
Нас дутдаг хорвоод хоргодон холдоход
Нулимсан дуслаар дарс нэрж шимэн суугаад
Нойргүй хонон шөнийг өнгөрөөж үүр цайлгахад
Найраг төрдөг өө, надад

Шинэхэн өдрийг баяр баясгалантай угтахуйд
Шингэх нарыг амжилт бүтээлээр үдэхүйд
Шөнийн оддын доор аавыгаа эргэн дурсахуйд
Шүүдэртэй талд ээжийгээ дагаж явнаа гэж зүүдлэхүйд
Шүлэг төрдөг өө, надад

Би чамайг танихгүй


Дурлал шиг асна зүрх минь, дуугүйхэн харцанд чинь сэтгэл уярна
Гал шиг дүрэлзэнэ сэтгэл минь, гал халуун сэтгэлд чинь уусна
Уул шиг нөмөрлөнө чи минь, ус шиг урсана би чинь
Дэлхий шиг эргэнэ дурлал минь, дэнгийн гэрэлд шатна би чинь
Уйдмааргүй байна энэ бүхнээс, гэвч урсаж алга болохсон

Чамд хайртайгаа би мэднэ, чамаас зугтдагаа ч би мэднэ
Хүнээс нуудагаа ч мэднэ, хүнд хэлэхгүйгээ ч мэднэ

Хайргүй шүү дээ гээд хүчлээд ч би хаачих вэ
Хатан дэлхийн хаана нь ч цэцэг болж ургах вэ
Ургалаа ургалаа гээд удаан тэсэх билүү
Хаврын хүйтэн өдөр, хаа нэгтээ шидэгдэх бус уу

Унтаа нойрон дунд нь зүүд болон зочлоё
Үнэгчлэн нойрссон үедээ намайг нэг бодоорой
Бодсон шөнийн чинь тоогоор бороо болон орьё
Борог шөнийн зүүдэнд чинь аадар болон асгарая

Тэсгим хүйтэн өвлөөр тэргүүн дээр чинь бөхийж
Тэгээд чиний дээрээс цас болон будрая
Бударсан цасны тоогоор чи намайг дурсаарай
Буусан газар бүхэндээ би цэцэг болж дэлгэрнээ

Хатан дэлхийн хаа нэгтээ хааяа намайг дурсаарай
Хайрлаж явсныг минь дахин нэг санаарай
Өнгийн цэцэгсийн үнэрээр намайг чи танисан ч
Өөдөөс чинь харан мэхийхдээ нүүрээ би буруулна
Би чамайг танихгүй