Thursday, March 24, 2011

Шүлэг ба Би



















  
Угтах ирээдүй жаргалтай сайхан гэрэлтэхэд
Урт амьдралд уулзсан бүхэн найз шиг санагдахад
Урам тэтгэсэн хэдхэн үгс бурам шиг амтагдахад 
Уучилж чадах ухааныг захисан ижий ааваараа бахархахад
Ухаарал төрдөг өө, надад

Ганцаараа дуусах юм шиг гайхал хорвоо инээд цалгиахад 
Ганганаж ниссэн шувуу бараа нь тасран алсрахад
Гал шиг сэтгэлийн минь гүнд найргийн гал дүрэлзэхэд
Ганган залуугийн араас даруухан харцаа чулуудахад
Гайхшрал төрдөг өө, надад

Санахын эгшинд гуниг хагдраасан чамайг санахад
Сайхан дурсамж, сэтгэлийнхээ уянгыг даллахад
Сартай шөнийн бүгээн аялгуу чихэнд сонсогдоход
Сархад агссан найрын хундага хөлчүүрхэхэд
Сайрхал төрдөг өө, надад

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад
Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход
Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад
Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад
Бодрол төрдөг өө, надад

Хур бороо сэтгэл даган урсахад
Хажууд минь сөхрөх уулс нүдэнд үзэгдэхэд
Харцанд минь тунарах эх дэлхийгээ харахад
Хайртай бүхнээ харамлаж нэгэнтээ мөрөөсөхөд
Халил төрдөг өө, надад

Намар намрын навчис гуниг дуслуулж унахад
Нас дутдаг хорвоод хоргодон холдоход
Нулимсан дуслаар дарс нэрж шимэн суугаад
Нойргүй хонон шөнийг өнгөрөөж үүр цайлгахад
Найраг төрдөг өө, надад

Шинэхэн өдрийг баяр баясгалантай угтахуйд
Шингэх нарыг амжилт бүтээлээр үдэхүйд
Шөнийн оддын доор аавыгаа эргэн дурсахуйд
Шүүдэртэй талд ээжийгээ дагаж явнаа гэж зүүдлэхүйд
Шүлэг төрдөг өө, надад

1 comment:

Anonymous said...

👏👏👏